Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих "Бизнес Инкубатор Төв" 15,8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Бизнес Инкубатор Төвийн үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж, тус төвд бүртгүүлсэн 3 багт нэг жилийн хугацаанд нийт 15,840,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Бизнес Инкубатор Төвд хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440,000 төгрөгийн тэтгэлэг олгох юм. Энэхүү төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдлаа.

Бизнес Инкубатор Төвийн анхны элсэгчээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн сургалтын төв /МКIT/-ийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн Д.Алтангэрэл, Т.Ариунсанаа нар сонгогдлоо. Мөн “Соёмбо тек” ХХК-ийн гарааны бизнесийг дэмжиж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар болсон юм.

Бизнес Инкубатор Төвд хамрагдсанаар залуучууд оффис болон компьютер, тоног төхөөрөмж, интернэт сүлжээгээр үнэ төлбөргүй хангагдах юм. Мөн залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр Олон улсын гэрчилгээтэй инженерийн шалгалтад оролцохыг дэмжих зорилгоор шалгалтын хураамжийг Бизнес Инкубатор Төвөөс гаргаж дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн харьяа Бизнес Инкубаторт Төвийн хөтөлбөрт хамрагдахын тулд мэдээллийн технологийн чиглэлээр шинэ, шинэлэг бизнес санаа болон төсөлтэй байх, 18-аас дээш насны, мэдээллийн технологийн чиглэлээр хөгжих, ажиллах сонирхолтой иргэн байх шаардлага тавигдах юм.

Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Мэдээллийн технологийн /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд шууд элсэж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтойг дурдахад таатай байна.

Эрхийн бичгийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Содномцогийн Сүх-Очир, MKIT Мэдээллийн технологийн сургалтын төвийн Ерөнхий захирал Хван Ин Гюү нар гардуудав(Фото зураг).

Дараагийн ээлжийн бүртгэлд хамрагдах хүсэлтэй 10 багийг 2017 оны 07-р сарын 10-ны өдрийн дотор сонгон шалгаруулах тул Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud / болон 7012-2999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Залуучуудын хөгжлийн төлөө хамтдаа!

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР